Эрдэнэ Зуу хийд

      Монгол оронд буддын шашин түүхэндээ гурван удаа дэлгэрсэн гэж судлаачид үздэг. Эхний дэлгэрэлт нь НТӨ III-II зуун буюу Хүннү гүрний үе, Дунд дэлгэрэлт нь XIII-XIV зуун буюу Их Монгол улсын үе, сүүлийн дэлгэрэлт нь XVI зуун буюу Монголын бутарлын үе хэмээн хуваадаг.

       Монгол оронд Бурханы шашин гурвантаа дэлгэрсэний хожуу үеийн дэлгэрэлтийн халх, зүүн Монголын анхны хийд нь Эрдэнэ Зуу бөгөөд Автай сайн хаан 1586 онд байгуулжээ. Тэрээр 1581-1583 онд өөрийн элч зарж, Түвдийн зарим ламыг урьж, 1586 онд 3-р Далай ламтай биечлэн уулзаж, Очирай сайн хан цол, тамгаар шагнагдаж, Бурханы шашныг Халхад дэлгэрүүлэхээр хэлэлцэн тохироод Эрдэнэ Зуу хийдийг байгуулах ажлаа эхлүүлжээ. Тэгэхдээ урьд нь 1585 онд эхлээд байсан сүмийн гол нурууг (одоогийн гол Зуу сүм) гал нохой жилийн зуны дунд сарын 15 буюу нийтийн тооллын 1586 онд тавьснаар Эрдэнэ Зуу хийд байгуулагдах үндэс суурь болжээ.

erdenezuu.png

   Эрдэнэ Зуугийн III ширээт лам Лувсан–Одсор хуучин Тахай балгасны хэрмийн нурангийн дөрвөн өнцөгт нэг нэг суварга босгосноор одоогийн хэрмэн хашааны эх суурь тавигджээ. 1701–1705 оны хооронд Очирдарь бурханы сүм болон Авид бурханы сүмийн цогцолбор, төвийн их суварганы чуулбаруудыг босгожээ.

    1743–1769 оны хооронд Эрдэнэ Зуугийн V ширээт лам Лувсанданзан их засварын ажил эхлүүлснийг VI ширээт лам Лувсанцэдэн үргэлжлүүлэн удирджээ. 1771–1792 оны хооронд Цогчин их дуган болон одоо байгаа Лавиран сүмийн цогцолборыг VII ширээт лам Дагвадаржаа удирдан бариулжээ. 1796 онд Эрдэнэ Зуу хийдийн их засварын ажлыг Дагвадаржаа ламтан ерөхийлөн удирдаж хийдийн барилгуудыг засуулсан байна.

    Эрдэнэ зуу хийдийг цогцлоон босгож байсан эхний үед шарын шашны ёс горим, төдий л гүн нэвтрэн дэлгэрээгүй байсны учир хийдийн ерөнхий, төлөвлөлтийг шийдвэрлэхдээ монголчуудын уламжлан баримталж байсан ертөнцийн зүг чигийг хүндэтгэх бэлэгдлийн дагуу шийдвэрлэжээ. Тиймээс уг хийд нь монгол гэрийн доторх ерөнхий хуваарилалттай төсөөт байдлаар хаана, ямар барилга барих, мөн тухайн хийдэд барилга барих газар гуйваас хаана өгөх, зэрэг нарийн ёс горим, барьж байсны гэрч болон үлдсэн монгол суурин газрын барилга урлахуйн гайхамшигт дурсгал юм.

Монголын буддын анхны энэхүү хийд 1792 онд 62 сүм, 500 барилгатай байсан бөгөөд эдүгээ 18 сүм дуган үлдсэн ба 1944 онд улсын хамгаалалтад авчээ. Эрдэнэ Зуу хийд нь монголын уламжлалт хот байгуулалтын дагуу баригдсан цорын ганц хийд юм.

erdenezuu.jpg

ГОЛ ГУРВАН ЗУУ

    Гол зуу сүм ба түүний хоёр талд байрлах Баруун зуу, Зүүн зуу хэмээх гурван сүмийн цогцолборыг нийтэд нь Гурван зуу хэмээн нэрлэдэг. Эдгээр сүмүүд нь Эрдэнэ Зуу хийдийн гол шүтээнүүдийг залсан хамгийн эртний байгууламжууд юм. Энэхүү гурван зуу сүмүүдийн барилгууд нь өвөрмөц хийцтэй бөгөөд сүмүүдийг барихдаа нэг ч хадаас оруулалгүй модоор зангидан, углуургадаж хийсэн нь уран барилгын онцгой хэлбэрт ордог. Одоогоор энэхүү дугануудад музейн үзмэрүүдийг дэглэн музейн зориулалтаар үйл ажиллагаа ашиглаж байна.

gol gurwan zuu.jpg