”Япон-монголын хамтарсан семинар япон улсын нара хотод зохион байгуулагдлаа
Өвөрхангай аймгийн ЗДТГ, Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа, Эрдэнэ Зуу музей, Монголын соёлын өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын холбоо болон Нарагийн соёлын өвийн үндэсний судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан ЯПОН-МОНГОЛЫН ХАМТАРСАН СЕМИНАР “Дэлхийн өвийн соёлын дурсгалт газар дахь Модон байгууламжийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалтын судалгаа” сэдвийн хүрээнд 2026 оны 6 дугаар сарын 3-наас 6-ны өдрийн хүртэл Япон Улсын Нарагийн өвийн үндэсний судалгааны хүрээлэн дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээний ажлын хэсгийг Монгол талаас Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Т.Нарангарав ахалж ажиллав.
Семинарын хүрээнд Япон талаас Дэлхийн өв, Нарагийн дурсгалт газрын археологийн малтлага судалгаа, хөгжлийн төлөвлөлт, үл хөдлөх соёлын өвүүд болон эртний уран барилгын хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, сэргээн босголт, ил музейн бүтээн байгуулалтын тухай илтгэлүүдийг хэлэлцүүлж, Нарагийн соёлын дурсгалт газрын археологийн ил музей, Хэйжёо ордны туурь, Дайкокүтэн ордны бүс, Сүзакү хаалганы сэргээн босголтын ажилтай танилцлаа.
.jpeg)
Монгол талаас Дэлхийн өв-Орхоны Хөндийн дурсгалт газрын Эрдэнэ Зуу хийд, Шанхын Баруун хүрээ хийдийн Цогчин дуган болон Төвхөн хийдийн дугануудыг сэргээн босгох боломж болон Хархорум хотын туурь дахь далд орчны соёлын өвийн зарим дурсгалыг ил үзүүлэх боломж, цаашдын зорилтуудыг танилцуулав.
Цаашид Япон Улсын Нарагийн өвийн үндэсний судалгааны хүрээлэн болон холбогдох судалгааны байгууллагуудтай хамтран соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах чиглэлд хамтран ажиллахаар болов.