Япон–монголын хамтарсан соёлын өвийн семинарын хүрээнд буддын шашны түүхэн сүмээр зочлов
Япон Улсын Нарагийн Соёлын өвийн үндэсний судалгааны хүрээлэнд зохион байгуулагдсан “Дэлхийн өвийн соёлын дурсгалт газар дахь модон байгууламжийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын судалгаа” сэдэвт Япон–Монголын хамтарсан семинарын хүрээнд оролцогчид Киото хотод байрлах ЗҮҮН ХОНКАНЖИ сүмээр зочиллоо.
Айлчлалын үеэр тус сүмийн хамба, дэд хамба, санхүү болон захиргааны газрын удирдлагууд Монголоос ирсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, сүмийн түүхэн хөгжил, шүтээн бурхад, хийдийн зохион байгуулалт, шашин номын үйл ажиллагаа болон соёлын өвийн хадгалалт хамгаалалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Зүүн Хонканжи сүм нь Буддын шашны Жодо Шиншү урсгалын томоохон төвүүдийн нэг бөгөөд 800 гаруй жилийн түүхтэй. Өнөөгийн сүмийн цогцолбор нь XVII зууны эхэн үед байгуулагдсан бөгөөд өдгөө Япон улс даяар 8,600 гаруй харьяа сүм хийдтэй томоохон шашны байгууллага болон өргөжин хөгжжээ. Мөн АНУ-ын Лос Анжелес хот болон Бразил улсад харьяа сүмүүдээ байгуулан олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус хийдийн зарим барилга байгууламж нь Япон Улсын Үндэсний чухал соёлын өв, улсын хамгаалалтын зэрэглэлд бүртгэгдсэн байдаг. Одоогоор эдгээр түүхэн байгууламжийн хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдал, элэгдэл гэмтлийг судлан үнэлэх, цаашдын сэргээн засварлалтын төлөвлөгөө боловсруулах чиглэлээр мэргэжлийн судалгааны баг ажиллаж байна.
Энэхүү уулзалт нь Монгол, Японы соёлын өвийн мэргэжилтнүүд харилцан туршлага солилцож, түүхэн модон байгууламжийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын чиглэлээр хэрэгжүүлж буй арга барил, менежментийн туршлагаас суралцах чухал боломж болсон юм.
Өөрийн орны түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах үйл хэрэг нь төрийн захиргааны төв байгууллага, орон нутаг, мэргэжлийн байгууллага болон өмчлөгч, эзэмшигч талуудын оролцоо, хичээл зүтгэлийн үр дүн байдаг болохыг энэхүү айлчлал тод харууллаа.