Япон улсын буддын шашны эртний сүмээр зочилж, уран барилгын сэргээн засварлалт, соёлын өвийг хамгаалах чиглэлд туршлага судлав.
Япон Улсын Нарагийн Соёлын өвийн үндэсний судалгааны хүрээлэнд зохион байгуулагдсан “Дэлхийн өвийн соёлын дурсгалт газар дахь модон байгууламжийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтын судалгаа” сэдэвт Япон–Монголын хамтарсан семинарын хүрээнд Дэлхийн өвд бүртгэгдсэн Нарагийн соёлын дурсгалт газрын нэг, Японын буддын шашны ууган хийдүүдийн нэг болох Кофүкүжи сүмд зочилж, тус сүмийн хамба лам болон холбогдох лам хуврагуудтай уулзан, VIII зууны үеийн таван давхар суваргын сэргээн засварлалтын ажлын явцтай танилцлаа.




Тус суварга нь улсын хамгаалалтад байдаг тул Япон Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу сэргээн засварлалтын санхүүжилтийн 70 хувийг Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам, 4 хувийг орон нутгийн захиргаа, 26 хувийг хийд тус тус хариуцан санхүүжүүлж байна.
Мөн 200 жил тутамд иж бүрэн сэргээн засварлалт, 100 жил тутамд хэсэгчилсэн сэргээн засварлалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа нь соёлын өвийн үнэ цэнэ, түүхэн эх шинжийг хадгалан хамгаалж, анхны төрх байдлыг нь алдагдуулахгүй авч үлдэхэд онцгой ач холбогдол өгч буйн илэрхийлэл юм.