Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл нь

     Монгол гэр нь монголчуудын ахуй амьдралд зохицсон зөөж, буулгаж барихад хөнгөн авсаархан бөгөөд уламжлалт гар урлалын олон төрөл зүйлийг цогцоор нь агуулсан байдаг. Гэрийн урлалд гэрийн яс мод буюу хана, унь, тооно, хаалга, багана урладаг мужаан, түүнийг хээлэн чимэглэгч будагчин, зүмбэрчин, сийлбэрчин, гэрийн эсгий бүрээс урлаач оёдолчин, гэрийн оосор, бүслүүр хошлон томогч, ширэгч уран үйлчин зэрэг маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Олон үе дамжин боловсорсон технологийн чанд горим, ур ухаан, цаг хугацаа шаардсан энэ урлал удам дамжин үеэс үед өвлөгдөж, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцэн баяжиж, хөгжиж ирсэн юм. Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт орших Өвөрхангай аймгийн Бат-Өлзий, Хужирт, Хархорин сумдад үе удам дамжсан урчууд олон байдаг.                                                                           ger 1.jpg     Монгол гэр нь том тоонотой, богино шулуун уньтай, ханийн эрс өндөр байдаг. Монгол гэр нь барьж буулгах дэс дараалалтай бөгөөд гэрийн доторх орон зайн зохион байгуулалт тус бүр нь утга билэгдэлтэй байдаг.

     Монголын төдийгүй дэлхийн хамгийн том гэр 1658 онд Эрдэнэ-Зуу хийдийн чуулганд зориулан барьжээ. Бат-Өлзий нэртэй 20м голчтой энэ том гэрийн шал нь одоо Эрдэнэ-Зуу хийдийн хэрмийн дунд байдаг.  

   Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл нь ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д 2013 онд бүртгэгдсэн.

ger (1).jpg