ДӨ-ОХСДГ дахь Соёлын биет бус өв

Соёлын биет бус өв гэж юуг хэлэх вэ?

“Соёлын өвийг хамгаалах тухай хуулинд: Ард түмний билэг авъяас, мэдлэг, туршлага, эрдэм ухаан, ур чадварын тодорхой илэрхийлэл болон биет бусаар өвлөгдөн уламжлагдаж ирсэн түүх, угсаатны судлал, ардын билэг, зан үйл, ур хийц, арга барил, дэг сургууль, урлаг, шинжлэх ухааны ач холбогдол бүхий дараахь оюуны соёлын үнэт зүйлийг соёлын биет бус өвд хамааруулна.

ЮНЕСКО-гийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенц”-д биет бус өвийг тодорхойлохдоо: “Соёлын биет бус өв” гэж хамт олон, бүлэг хүмүүс, зарим тохиолдолд хувь хүмүүс соёлын өвийнхөө бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн заншил, дүрслэх болон илэрхийлэх хэлбэр, мэдлэг болон дадал, эдгээртэй холбоо бүхий зэмсэг, эд зүйлс, урлагийн бүтээл, соёлын орон зайг хэлнэ. Биет бус өв нь дараах хэлбэртэй байна.

Эх хэл, зүйр цэцэн үг, оньсого, таавар, зан үйлийн шүлэг, сацал, магтаалийн үгс, зан үйлийн төрөл бүрийн ая дуудлага, ерөөл, магтаал, тууль, үлгэр, домог зэрэг орно.

Энэ төрөл зүйлд зан үйлийн дуунууд, уртын болон богино дуу, хөөмэй, исгэрээ, аман хуур, морин хуур, цуур, лимбэ, зэрэг дуу хөгжмийн уламжлалт урлаг, бий биелгээ, цам зэрэг бүжгийн урлагийн төрөл зүйл орно.

Монгол түмний түүхэн хугацаанд хэвшин тогтнож, улмаар уламжлан дагаж мөрдөж ирсэн уламжлалт зан үйл, арга барил, баяр ёслол, баяр наадам орно.

Байгаль, цаг улирал, амьдрал ахуйн холбогдол бүхий ардын уламжлалт мэдлэг, арга ухаан, тухайлбал ардын хүн эмнэлэг, дом шившлэг, амьдралд хэрэглэдэг янз бүрийн хэмжүүр, хэмжигдэхүүнүүд, цаг улирал, цаг агаар, он тоололтой холбоотой мэдлэг, арга ухаанууд, тэдгээртэй холбоотой эд өлгийн зүйлс орно.

Монголчуудын бүтээсэн нэн өвөрмөц хээ угалз, малын уналга, ачлагын тоног хэрэгслийн урлал, гэрийн мод урлах, хээлэх, эрээлэн будах урлал, арьс ширэн урлал, алт мөнгөний болон төмрийн дарх, модон, ясан, чулуун сийлбэр, монгол дээл хувцас, гутал, зан үйлийн хувцас хийх урлал, мөн ном судар бүтээх урлал зэрэг ардын гар урлалын бүх төрөл орно.