Хөхүүрийн айраг исгэх

Монголчууд зун, намрын улиралд унагаа барьж уяан гүүгээ сааж айргаа исгэж ууж ирсэн түүхэн улбаатай. Гүүг өглөөний 09 цагаас оройн 18 хооронд өдөрт 5-6 удаа саадаг. Саасан саамаа хувинд хурааж орой хөхүүртэй айрган дээр хийж 2000-3000 удаа бүлж хонуулан айргаа исгэж ууна.Гүүний айраг нь нүүрс хүчлийн хий, ханасан, ханаагүй тосны олон төрлийн витамин, эрдэс бодис агуулсан бөгөөд эмчилгээ сувиллын чанар бүхий А, Д, Е, К зэрэг нэгдлүүдийг өөртөө агуулсан байдаг.

Гүүний айраг нь хүний бие махбодын дотоод үйл ажиллагааг сэргээн цусны эргэлт, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах, гэдэс дотрын янз бүрийн өвчинд чухал ач холбогдолтой. Айргийн амт чанар исгэх хөрөнгөөс ихээхэн шалтгаалдаг.

    • Олон жил гүүний айраг исгэсэн ширэн хөхүүр нь саам, айрагны шимт чанарыг өөртөө шингээсэн байдаг тул тусгай хөрөнгө төдийлөн шаардахгүйгээр зөвхөн өөрөө исгэдэг чадвартай байдаг.
    • Өмнө жилийн айрагнаас хадгалсан бэлэн хөрөнгө ба хонь ямааны шинэхэн таргаар айраг исгэх бол 1л сааман дээр 100г-150г айраг юм уу таргаа хийж сайтар хутгаж  бүлдэг.                                                                           IMG_5534.JPG                

Айргийг исгэж  өдөр тутмын ундааны оронд уухаас гадна найр, наадам, баяр ёслолын үеэр өргөн хэрэглэнэ. Архангай, Өвөрхангай, Булган  аймгууд тос унасан амттай айраг исгэж, ирсэн явсан зочныг цайлан ирсэн уламжлалтай ард түмэн билээ.

Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл нь 2019 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн.                                                                                                                   airag.jpg