Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил-битүү амьсгаа

      Эртний уламжлалт үлээвэр хөгжим бөгөөд нарийн өвөрмөц аялгуутай байдгаараа монгол ардын дуу хөгжимд тохиромжтой байдаг. Монголчууд “хөндлөн бишгүүр” гэж нэрлэдэг байв. Лимбэ гэдэг нэршил нь төвд хэллэг ажээ. Хөдөө хээр хаяагүй тохиолддог тарвага зурамны нүх бүхий овгор газар ургадаг гишүүний цооргоно хэмээх ургамлын хатсан голыг авч нүх гаргаад үлээж тоглодог байснаас санаа авч лимбэ хийсэн гэдэг яриа бий. Лимбийг их төлөв хулсаар хийдэг байна. Лимбэний эгшиг гаргах нүх хоорондын зайнаас шалтгаалан  гарах аялгуу нь өөр өөрийн өвөрмөц өнгөтэй  байдаг байна. Лимбэ тус бүрийн эгшиг гаргах нүхний хоорондын зайг харилцан адилгүй хийснээр өөр өөрийн өвөрмөц өнгө аялгуутай болсон байна. Лимбийг урт богино хэдэн янзаар үйлдэж их, дунд, бага гарын гэж ангилдаг. Толгой талд богино залгаа хийж хөг тааруулна. Лимбэ нь тоглогчоос битүү амьсгаагаар тоглох ур дүй шаарддаг өвөрмөц зэмсэг ажээ.

      Битүү амьсгаа нь дорно дахины гүн ухааны эш онол дахь арга, билгийн шүтэлцээ,  “мөнхдөх хийгээд тасархайтах” үйл явцын салшгүй нэгдлийг нотлон харуулж буй нэгэн жишээ болно. Битүү амьсгаа гэдэг нь  амьсгалын нууц эргэлт  юм. Энэ  нь амны хөндийдэх хийгээр лимбийг үлээн эгшиглүүлэх явцдаа хамраар зөрүүлэн амьсгаа авч түүнийгээ эргүүлэн гаргах замаар лимбэний эгшиглгээг  тасралтгүй үргэлжлүүлэх онцгой арга чадвар юм. Амьсгаа авах, гаргах дараалсан үйлдэлд зохицсон амьсгалын эрхтэн системийн хэвийн горимыг зориудаар  өөрчилж, амьсгаа авах, гаргах хоёр үйлдлийг зэрэгцүүлэн хийж, хийн урсгалын тасралтгүй үргэлжлэх битүү хэлхээ үүсгэж байгаад битүү амьсгааны урлагийн онцлог оршино. Энэ үйлдэл (цикл) нь байнга давтагдах учраас Цагирган амьсгаа гэнэ. Цагирган битүү амьсгаа нь модон үлээвэр хөгжмөөр  хөгжимдөх арга барил дахь ховор хосгүй үзэгдэл болно. Лимбээр ардын богинын болон уртын дууг тоглох явцад битүү амьсгааг маш цэвэрхэн, эгшгийг гуйвуулахгүйгээр авдаг, гаднаас нь харахад хэдийд хэрхэн амьсгаа авч буйг нь тэр бүр мэдэх аргагүй нууц байдагт битүү амьсгааны ид шид оршино.

Лимбэдэх ховор хосгүй эл арга барилыг 2011 онд ЮНЕСКО-гоос “Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн дэлхийн жагсаалт”-д бүртгэн тунхагласан болно.                                                                                   limbe.jpg