Уул, овоо тахих монгол зан үйл

     Балар эрт цагт хүмүүс өөрсдийн явж өнгөрсөн зам мөр, олз омог ихтэй газар, амьдарч болохоор сайн нөхцөл бүхий газар, эсвэл аюул осол ихтэй орон нутгийг бусдадаа дохио, сэрэмжлүүлэх зорилгоор элдэв тэмдэг тавьж ирсэн нь хожим овоо болон хөгжсөн хэмээн үздэг байна. овгийн байгуулал бий болох, задрах, бусад бүлгээс салан тусгаарлах үед овоо нь эзэмшил нутгийг заалгах үүрэгтэй байжээ. Дараа нь бөө мөргөлтэй холбоотойгоор овоо хөгжиж, бөө хүмүүс газар усны эзэд, сүнс сүлдтэй холбогддог тэр газартаа шүтлэг бишрэлийн үүднээс овоо босгож шүтэж иржээ. Овоо босгосон газраа эрчим хүчний төв, онгод хийморь сэргээгч, тэнгэр эрхэс, сүр сүлдтэй холбоо барьдаг, ер бусын ид шидтэй орон зай хэмээн итгэдэг. Мөн газар ус, ургамал амьтан, мод зэрэг байгаль дээрх бүх зүйл өөрийн харж хандаж, ивээж тэтгэдэг эзэнтэй, тэдгээр эзэд нь лус савдаг, тэдний оршин амьдардаг орон байр нь “овоо” юм гэж ойлгож ирсэн. Булаг шандны эх, хоёр голын бэлчир зэрэг дээрх овоог Лусын хаадын өргөө, уулын оргилын овоог уулын эзэн савдгийн орон гэж тайлбарладаг. Уул хадтай газар чулуугаар, чулуу багатай газар элс шороогоор, модтой газар модоор овоо босгон тахидаг. Лус савдгийн эзэмшлийн уул ус, ан амьтан, ургамал, эрдэс баялагтай зүй бус харьцвал хилэгнэн догширч ган гачиг болж, мал сүрэг үхэх, өвчин зовлонд нэрвэгдэх явдал гардаг гэж ойлгодог учраас аль болохоор сүрлэг өндөр газруудаар овоо босгож, идээ цагааныхаа дээжийг өргөж мөргөдөг уламжлал тогтсон юм. Хүн бүр очдоггүй овоо, хүүхэд эмэгтэйчүүдийн болон зөвхөн эрэгтэйчүүдийн овоо гэж бий. Түүх соёлын өлгий нутаг болсон Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт хаад ноёдын үеэс үе улиран тахин шүтэж ирсэн орон нутгийн Өндөр сант хайрханы тахилгат хайрхан, Хангай хайрханы тахилгат овоо буй. Мөн хувь хүн, ураг олноороо тахидаг жижиг овоо нэлээдгүй байдаг.                       IMG_3024.JPG

Уул, овоо тахих монгол зан үйл нь 2017 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалт”-д бүртгэгдсэн.                                                                                         uul owoo.jpg