Монгол наадам

     Монголчуудын эрийн гурван наадам нь эрт дээр үеэс эх үүсгэлтэй бөгөөд аян дайнд мордох, дайн байлдаанд ялах, хаан өргөмжлөх, эр цэргээ бүртгэх, тэнгэр хангайг тахих зэрэг ёслолыг үйлдэхэд эрийн гурван наадмыг дагалдуулан хийдэг байжээ. Энэ баяр наадмын үед эр хүний самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих уралдаан гэсэн гурван төрлийн тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог. Монголчууд үндэсний баяр наадмыг зуны дунд эсвэл адаг сард цагаан идээ элбэг болж, сүрэг мал ногоонд цадаж, хүч тамир орсон үед нь өргөн олноороо тэмдэглэж ирсэн уламжлалтай.

buh.jpgБөхийн барилдаан

     Бөхийн барилдаан нь үндэсний баяр наадмын гол хэсэг юм. Жил бүрийн улсын баяр наадамд 200, 500, 1024 гэх зэргээр харилцан адилгүй тоотой улс, аймгийн цолтой бөхчүүд барилддаг бол, орон нутгийн наадамд 32, 64, 128 зэрэг тооны аймаг сумын цолтой бөхчүүд барилддаг. Монгол бөхийн гарах, дэвэх, шавах, өрөх зэрэг хөдөлгөөн нь хангарьд, харцага, шонхор шувууны дэвэлт болон ямар нэг хүчит амьтны үйл хөдөлгөөнийг дүрсэлсэн утга учиртай. Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас өмсгөл бөгөөд бөх хүний өмсөх хувцас нь малгай, зодог, шуудаг, гутал, гутлын боолт юм.

mori.jpg

Хурдан морины уралдаан

     Хүлэг морьдын дотроос хамгийн хурдан сайныг нь сонгон авч олон хоногийн өмнөөс хоол ундыг нь тохируулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд наадамд газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. Баяр наадамд азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн 6 насны морьдыг барагцаагаар 25-30 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10км орчим газраас уралдуулна. Морьдыг 6-8 насны хүүхэд унаж уралддаг байна.

sur.jpg

Сурын харваа

      Үндэсний баяр наадмын нэгэн төрөл нь сурын харваа бөгөөд эртний уламжлалтай юм. Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80 м орчим газар бөгөөд нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг(сурыг) хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуу сумаар хоёр тал ээлжлэн харваж цэцэн мэргэнээ сорилцоно. Сур харвах үед уухайлдаг. Сурын харваанд шалгарсан хүмүүст мэргэн цол, чимэг олгодог.Монгол наадам нь 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн.

naadam.jpg