Мойлтын амын хуучин чулуун зэвсгийн үеийн бууц суурин, дархны газар

         Дурсгалт газар нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Хангай хайрхан уулын өвөр Мойлтын амны рашааны зүүн дэнжид оршдог. Дурсгал нь палеолитын дээд үеэс мезолит, неолитын эхэн үед хамаардаг. Дурсгалт газрыг анх 1949 онд археологич А.П Окладинковын удирдсан Монгол–Зөвлөлтийн чулуун зэвсгийн дурсгал судлах анги илрүүлэн судалгааны эргэлтэнд оруулжээ. А.П.Окладников, Д. Дорж нарын удирдсан “Монголын чулуун зэвсгийн дурсгал судлах анги” 1960, 1961, 1963-1964 онд дурсгалт газарт малтлага судалгаа хийж суурингын соёлт давхрагын зузаан нь 1,5-2 метр бөгөөд малтлагын явцад дээд палеолитын түрүү үеэс мезолит, неолитын эхэн үеийг хамарсан дөрвөн соёлт давхрага байгааг тогтоосон нь Төв, Умард, Дорнод Азийн хэмжээнд нэн ховор дурсгал болохыг тодорхойлсон байна. Мөн 1996-1997 онд Монгол-Францын хамтарсан судалгааны анги дурсгалт газарт ажиллаж хөрсний давхаргыг судлан гурван хурдсаас бүрэлдэх 5 давхарга байгааг тодорхойлон археологийн олдвор хадгалсан 4 давхаргад хийсэн он цаг тогтоох шинжилгээгээр 240+-300 жилиийн өмнө болохыг тогтоожээ. 2018, 2019 онд Монгол-Орос-Америкийн хамтарсан "Умард монголын чулуун зэвсгийн үе" төслийн хүрээнд дурсгалын он цаг тогтоох, хөрсний дээж авах судалгааг хийсэн. Судалгаагаар 2х1 метр хэмжээтэй малтлагыг 1,7 м гүнтэй хийхэд хөрс нь 6 үе давхрагатай болох нь тогтоогдсон. Тус газраас хоёр төрлийн 12 дээжийг авсан. ОРХОН-YII ХУУЧИН ЧУЛУУН ЗЭВСГИЙН ДУРСГАЛТ ГАЗАР (Хуучин чулуун зэвсгийн дунд үе 62000-20000 жилийн өмнө) Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Ухны гацаа хэмээх газрын баруун талд хуучин чулуун зэвсгийн дунд үед холбогдох Орхон YII хэмээх дурсгалт газар оршдог. Монгол-Зөвлөлтийн хамтарсан хуучин чулуун зэвсгийн дурсгал судлах ангийхан 1986-1989 онд гурван хэсэг газарт 150 м кв талбайд малтлага судалгаа хийсэн ба хөрсний 11 давхарга илэрсэн байна. Малтлага судалгаагаар олон талт иржгэр ухам иртэй зэвсэг, ухам эртэй болон бусад төрлийн хусуурууд зэрэг чулуун зэвсэгүүд олдсон байна. Мөн энэхүү дурсгалт газрын тогтоцын эртний ургамалын тоосонцорд хийсэн шинжилгээний үр дүнд тэр үед одоогийнхоос илүү зөөлөн, чийглэг, эх газрын эрс тэс биш уур амьсгалтай байсан бөгөөд голын сав, хээр талаар янз бүрийн залаат ургамалтай, хөндий хоолойд өргөн навчтай ой байсныг тогтоожээ. 2019 онд Орос-Монгол-Америкын хамтарсан “Умард Монголын чулуун зэвсгийн судалгаа” төслийн хүрээнд өмнөх 3-р малтлагын зүүн хойд ханыг зүсэлт хийж 2х2 метр хэмжээтэй сорилтын малтлага хийж гүйцэтгэжээ. Малтлагын явцад чулуун зэвсгийн зүйлс болон эртний амьтны ясны үлдэгдэл хэсгүүд олдсон байна.

dji_0405_1.jpg