Мэлхийт толгойн ордны туурь

      Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн урд талын толгойг “Мэлхийт толгой” гэнэ. Энд 106х78 метрийн хэмжээтэй барилгын дөрвөлжин хэрэмний туурь байдаг. Элэгдэж мэдэгдэхээ больсон хэрмийн дотор 2 хэсэг овгор байх бөгөөд зүүн овгорын доторх довцог дээр чулуун яст мэлхий, түүний нуруун дээр гэрэлт хөшөө суулгах дөрвөлжин суурь байгаа нь гэрэлт хөшөө байсныг гэрчилнэ. Чулуун яст мэлхийний 2 бөөрөн дээр тогос шувууны дүрс байдаг.

      1995-1996 онд ЮНЕСКО-ийн ивээл дор зохиогдсон Хархорум хотын туурийг хадгалан хамгаалах Монгол-Японы хамтарсан шинжилгээний анги нь Хархорум хотын туурийн ойр орчин дахь соёл түүхийн холбоо бүхий бусад хот хэрмийн үлдэгдлийг хамруулан судалсны тоонд Мэлхийт толгойн туурийг судалсан байна.

       Хотын туурийг түүхэн эх сурвалжаас үндэслэн XIII зууны үед Шихихутагтын байгуулсан Тогос ордны ор үлдэц байж магадгүй гэж эрдэмтэд таамагласан. Харин сүүлийн үеийн харьцуулсан судалгаагаар бол VII-IX зууны үед холбогдож болохуйц хэмээн үзэж байна.

melhiit tolgoi tuuri.png