Орхон – VII хуучин чулуун зэвсгийн үеийн бууц суурин, дархны газар

      Чулуун зэвсгийн дунд үед холбогдох томоохон дурсгалын нэг юм. Дурсгал нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс баруун зүгт 10 орчим км зайд Уханы гацаа хэмээх уулын баруун талын дэнжид оршдог.

orkhon7.jpg

  Дурсгалт газарт анх 1986-1989 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан хуучин чулуун зэвсгийн дурсгал судлах ангийнхан археологийн малтлага судалгаа хийжээ. Нийт 3 хэсэг газарт 150 метр квадрат талбайд малтлага хийгдсэн ба хөрсний 11 давхарга илрүүлэн тодорхойлсноос нэгээс бусад нь соёлт давхарга юм. 10-р давхаргаас чулуун зэвсгийн дунд үед холбогдох чулуун зэвсгүүд олдсон байна. Том биш голын хайрган чулууг хагалж цуулан өргөн цалтас гарган авах, уртавтар хайргын нэг талыг нь хагалж бэлдсэн цохилтын талбайгаас урт ялтас цуулан авах гэсэн ерөнхий хоёр аргаар чулуун зэвсэг хийх анхдагч цуулдас авч байсан байна. Дараа нь гаргаж авсан цуулдасуудаараа шүдлэг иртэй зэвсэг, хүнхэр ирт хянгар зэрэг бусад төрлийн зэвсгүүд хийдэг байжээ. Хөрсний дээж болон ясанд хийсэн радикарбон болон цахилгаан соронзон давтамжийн (ЭПР) шинжилгээгээр 45-62 мянган жилийн өмнө холбогдох нь тогтоогджээ.(Д.Цэвээндорж, Б.Баяр нар 2002., т.50) Мөн Орхон 7 дурсгалт газрын тогтоцын эртний ургамалын тоосонцорт хийсэн шинжилгээний үр дүнд тэр үед одоогийнхоос илүү зөөлөн, чийглэг, эх газрын эрс тэс биш уур амьсгалтай байсан бөгөөд голын сав, хээр талаар янз бүрийн залаат ургамалтай, хөндий хоолойд өргөн навчтай ой байсныг тогтоосон байна. (Л.Дашням нар 1999..т.15) 2019 онд Орос-Монголын хамтарсан “Умард Монголын чулуун зэвсгийн судалгаа” төслийн хүрээнд өмнөх малтлагын ормон дээр дахин туршилтын малтлага хийсэн. Уг туршилтын малтлагын явцад хөрсний 12 давхарга байгааг илрүүлэн давхарга тус бүрийн дунд хэсгээс хөрсний дээжний бүрдүүлэлт хийж он цагийн хамаарлыг тогтоох шаардлагаар БНХАУ-д илгээсэн байна. Туршилтын малтлагын явцад чулуун зэвсгийн зүйлс болон эртний амьтны ясны үлдэгдэл хэсгүүд олдсон байна.

orkhon 7-2.png