Шанхын хийд (Баруун хүрээ)

          Шанхын баруун хүрээ нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутагт оршдог. Өндөр  Гэгээн  Занабазар  13 насны сүүдэр тохиосны ойд зориулж   1647  онд  “Аврал  итгэл  хутагт  Ламын  Ахуй орон- Баруун  хүрээ”-г  үүсгэн байгуулжээ.

        Баруун хүрээнд 1824 онд Цанид дацан, 1846 онд Зурхайн дацан, 1885 онд Дүйнхор дацанг тус тус байгуулж  нийт 7 дацан, дөрвөн аймагт 1500 гаруй лам хуврагтай томоохон хийдийн нэг байжээ. Хийдэд Өндөр гэгээн Занабазарын 5 настайдаа өмсч байсан баривч, өөрийн мутраар үйлдсэн гэх дархан ганлин их бүрээ, Автай сайн хаан Төвд орноос залж ирсэн Очирваань бурхан зэрэг түүх, соёлын хосгүй үнэт олон дурсгал хадгалагдаж иржээ. Хийдийн хойд хэсэгт эзэн Богд Чингис хааны төр улсын “Дотоод их хүчит” хар тугийг тусгайлан барьсан гэрт хадгалж тахиж байжээ. Баруун хүрээний шашин цогт дээд ноён лам цорж Лувсанбалдан Ухаа овоот уулын өвөр энгэрт өөрийн лавиранг 1847 онд босгосон нь эдүгээ хурал хурж буй Пунцагдаржжалин (Шанхын) хийд юм(Өвөрхангайн тайлбар толь., 2002, т. 44).

           Монгол улсын Засгийн газрын 2004 оны 126-р тогтоолоор хуучин баруун хүрээний туурийн хамгаалалтын бүсийг 220 га газар байхаар тогтоосон. 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Шанхын хийдийн дуганууд нэрээр улсын хамгаалалтад авсан байна.

baruun huiree hiid.png