Төвхөн хийд

     Өвөрхангай аймгийн Бат-Өлзий  сумын  нутаг далайн төвшнөөс  дээш 2300м  өргөгдсөн Төвхөн  ширээт  уулын оройд  оршдог. Төвхөн хийдийг анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар 19 насандаа буюу 1654 онд  үүсгэн  байгуулжээ. Хийд  нь  хэдийгээр Төвдийн  жижиг  сүмүүдтэй  төсөөтэй ч  тэр чигээрээ нямба, бясалгалд зориулагдсан алслагдсан зайтай, байгалийн сайхан газарт бүтээгдсэнээрээ онцлог юм. Хийд нь битүү ой модоор хүрээлэгдсэн уулын  оройд  тэгш  газар  байдаг  бөгөөд  байц  хадны  сэтэрхийг ашиглан  чулуун  шат  бүхий  зам  зассан нь  хийд  хүрэхэд  дөхөмтэй  болсны  зэрэгцээ үзэмж  байдлыг  улам  сүрлэг  болгожээ. Тавцангийн баруун  хэсэгт  хийдийн гол шүтээний хэсэг, зүүн  талд нь жас байрлана.  Хийдийн  шүтээний хэсэгт Бүтээлийн сүм, Хурлын дуган, Сэмчин дуган, хоёр  суварга  бүхий мөргөлийн цогцолбор, тахилгат худаг, бясалгалын хоёр агуй,  тахил тайлгын овоо  багтана.

      Төвхөн  хийдэд Өндөр Гэгээний  мутар, өлмийн мөр, Гэгээнтний морины  уяа гэгдэх байгалаас  холбоотой хоёр  мод,  махгал  мод, эхийн  умай хад, өлгий хад  гэх  мэт  Өндөр  гэгээний  намтар түүхтэй  холбоотой  дурсгалууд олон байдаг.

Tuwkhun hiid.png

     Тэрээр дэлхийн урлагт хүндтэй байр эзлэх цутгамал бурхдаа урласан ба соёмбо сүлд, соёмбо бичгийг энд зохиосон. Соёмбо сүлдний бэлгэдэл нь соёмбын оройд буй галын дөлийг илэрхийлсэн тэмдэг нь үргэлжид өөдлөн бадрах үйлсийг бэлгэдсэн байна. Монголчуудын эртний шүтээн наран, саран хоёрыг соёмбо тэмдэгт зурсан нь дээр нь байрлах галын дөлтэй нийлээд монголын ард түмэн үүрд бадран цэцэглэж байхын ерөөлийг агуулсан. Соёмбо үсгийн дотор буй гурвалжин хоёр тэмдэг нь жад буюу сумны хошууг төлөөлсөн бөгөөд энэ халдаад ирэх дайсныг эсэргүүцэн няцаах утга санааг илэрхийлжээ. Хөндлөн шугам дахь тэгш өнцөгт хоёр зураас нь дээдэс доодос цөм төв шударга байж, ард түмэндээ цэх шулуун зүтгэхийн санаа илтгэсэн. Тэмдэгийн голд хэзээ ч нүдээ аньдаггүй эр, охин хоёр загасаар эрэгтэй, эмэгтэй бүх ард ямагт сонор соргог, сэцэн цэлмэг байж, өсөн үржихийг бэлгэдсэн байна. Хоёр хажуугийн босоо шугам нь бат бэх хэрэм хаалтыг томъёолжээ.