Хөшөө Цайдамын цогцолбор дурсгал

    Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөгшин Орхон голын баруун эрэг, Цайдамын хөндийд оршдог. Энэхүү дурсгал нь 552-745 онд оршин тогтнож байсан Түрэг улсын хаан Билгэ болон түүний жанжин Культегин нарт зориулан байгуулсан тахилгын байгууламж юм.  

tsaidam.jpg

   1889 онд Оросын эрдэмтэн Н.М.Ядринцев нээн олж, 1890 онд Г.Гейкел, В.В.Радловын удирдсан шинжилгээний ангиуд судалсан байна. Түүнээс хойш 1902 онд Польшийн судлаач В.Л.Котвич, 1958 онд Л.Ийсл, Н.Сэр–Оджав нарын удирдсан Монгол– Чехословакийн шинжилгээний анги тус тус судалжээ. 1980-аад оны үед МЗТСХЭ тухайн газарт ажилласны үр дүнд Түрэгийн язгууртны тахилын онгоны байгууламжуудыг хэлбэр, бүтэц, зохион байгуулалтаар нь ангилж судалж үүрэг зориулалтаар нь тодорхойлсон бөгөөд Монголын төв нутаг дахь чулуун дурсгалуудыг тусгайлан судалсан бүтээлүүд хэвлэгдэн гарсан байна.

      1997 оноос Монгол Туркийн хамтарсан “Монгол нутаг дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалуудыг хадгалж хамгаалах, судлах, сэргээн засварлах” төсөл, 1998- 2000 онуудад Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн хээрийн шинжилгээний анги тахилын жижиг онгоныг малтан судалж хоёр шувууны дүрстэй уран нарийн сийлбэр бүхий 4 хавтан чулуу, жижиг алтан цар, халбага зэрэг олдвор илрүүлсэн.  

      Монгол оронд археологийн судалгаа хийсэн анхны газрын нэг болох Орхоны хөндийн Хөшөө Цайдамд буй Дорнод Түрэг улсын хаад язгууртанд зориулан босгосон тахилын байгууламж нь дэлхийн Түрэг судлал, Төв Азийн археологийн судалгаанд онцгой байр суурь эзэлдэг, шинжлэх ухааны асар их үнэ цэнтэй дурсгал юм.  

Билгэ  хааны тахилын онгон:

     Түрэгийн хаан Элтересийн хүү Могильян 683 онд мэндэлжээ. Тэрээр 716 онд  “Билгэ” цолтойгоор  Түрэгийн  хаанд  өргөмжлөгдсөн  бөгөөд улсыг  удирдаж байх  хугацаандаа Түрэгийн  хаант улсын  эдийн засаг, соёлын хөгжилд үлэмж  хувь нэмэр оруулжээ. Билгэ хаан 734 онд нас  барахад түүний дурсгалд зориулан тахилгын байгууламжийг байгуулжээ.

hushuu tsaidam muzei 2.jpg

Билгэ хааны гэрэлт хөшөө:

    Билгэ хааныг 734 онд насан эцэслэсний дараа түүний хүү аавынхаа дурсгалд зориулан 735 онд байгуулжээ. Билгэ хааны гэрэлт хөшөөний хийц загвар болоод бичээсийн хувьд Культегиний гэрэлт хөшөөтэй төсөөтэй бөгөөд мэлхий чулуун дээр байрлуулсан байжээ. 345 см өндөр,175 см өргөн, 75 см зузаан хэмжээтэй   гэрэлт хөшөө нь 4 талдаа бичээстэй ба зүүн талдаа 41 мөр, өмнө болон хойд талдаа 14 мөр руни бичээс баруун талдаа нангиад бичээстэй бөгөөд хөшөөний оройн хэсгийг эвхэрсэн хоёр лууны дүрсээр чимэглэж, бичээсийг голлуулан янгирын дүрс сийлсэн байна. 

hushuu tsaidam muzei 1.jpg

    Бичээст анх 234 Tүрэгүүд төр улсаа байгуулснаас эхлэн VIII зууны эхэн хагас хүртлэх түүхэн үйл явдал хийгээд Кул-Тегин 16 настайгаасаа төрийн хэрэгт оролцож аль овог аймаг, улс гүрнийг дайлан эзэлсэн, хэрхэн тулалдсан, ямар зүсмийн морь унаж явсан зэргийг өгүүлэхийн хамт улсынхаа төлөө шөнө үл унтан, өдөр сул үл суун улсыг бататган хаан төрийг тэтгэсэн, тэнгэр ивээж өлзий хутаг соёрхсоны ачаар мөхөхөд хүрсэн улсаа өргөн тэнхрүүлж нүцгэнийг хувцастай, ядуусыг баян, өнчнийг өнөр болгосныг хийгээд тойготныг сөгдүүлж, толгойтныг бөхийлгөж наран мандах зүүн зүгээс наран шингэх баруун зүг хүртэлх уудам газар нутгийн ардыг захиран дээр ахуй тэнгэрээс дарах, доор ахуй газраас цөмрөх аюулгүй хотол болгон дөрвөн зүгийн улсыг хүчээр номхотгосныг өгүүлжээ. (Ч.Амартүвшин)

Культегин жанжны тахилын онгон:

    Культегин  нь 684 онд Элтерес  хааны отгон  хүү болон  мэндэлжээ. Тэрээр 16  наснаасаа төрийн хэрэгт идэвхтэй  оролцож эхэлсэн  бөгөөд өөрийн  ах Могильяныг  хаан  ширээнд  суухад чухал  үүрэг гүйцэтгэсэн цэргийн нэрт жанжин байжээ. Культегин 731 онд  нас  барахад түүний дурсгалд зориулан 732 онд  тахилгын сүм байгуулжээ.                            

tsaidamb.jpg

Культегин жанжны гэрэлт хөшөө:

    Культегин жанжныг 731 онд  нас  барсны дараа түүний ах Билгэ хаан 732 онд  дүүгийнхээ дурсгалд зориулан гэрэлт хөшөөг босгосон ажээ. Уг гэрэлт хөшөөг саарал өнгийн боржин чулуугаар хийсэн бөгөөд хөшөөний өндөр нь 335 см, өргөн нь (баруун, зүүн тал) 132 см, зузаан нь(өмнө, хойд тал) 46 см хэмжээтэй. Уг гэрэлт хөшөөний зүүн нүүр нь 40 мөр, өмөн болон хойд нүүр нь тус бүр 13 мөр руни үсгээр, эртний түрэг хэлээр бичсэн бичээстэй ба баруун нүүрэнд Тан улсаас Культегин жанжныг таалал төгссөнтэй холбогдуулан бичсэн эмгэнэл хийгээд түүний алдар гавьяаг магтан  дуурсан утгатай хятад бичээстэй. Хөшөөний зүүн нүүрэн талд нийт түрэг угсаатны тамга болох янгир, оройн хэсгийн зүүн баруун талд хүүхэд хөхүүлж буй чоныг дүрсэлсэн байдаг ажээ. 1300 орчим жил хадгалагдан үлдэхдээ уг гэрэлт хөшөө нь ихэд эвдэрч сүйдсэн байна. Билгэ хаан болон Культегин жанжны гэрэлт хөшөөг 2008 онд БНТУ-ын ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (TИКА)-ийн Хөшөө Цайдамд барьсан музейд шилжүүлэн хамгаалалтад авсан байна.

hushuu tsaidam muzei 1.jpg