Культегин жанжны гэрэлт хөшөө

Культегин жанжныг 731 онд нас барсны дараа түүний ах Билгэ хаан 732 онд дүүгийнхээ дурсгалд зориулан гэрэлт хөшөөг босгосон ажээ. Уг гэрэлт хөшөөг саарал өнгийн боржин чулуугаар хийсэн бөгөөд хөшөөний өндөр нь 335 см, өргөн нь 132 см, зузаан нь 46 см хэмжээтэй. Уг гэрэлт хөшөөний зүүн нүүр нь 40 мөр, өмөн болон хойд нүүр нь тус бүр 13 мөр руни үсгээр, эртний түрэг хэлээр бичсэн бичээстэй ба баруун нүүрэнд Тан улсаас Культегин жанжныг таалал төгссөнтэй холбогдуулан бичсэн эмгэнэл хийгээд түүний алдар гавьяаг магтан дуурсан утгатай хятад бичээстэй. Хөшөөний зүүн нүүрэн талд нийт түрэг угсаатны тамга болох янгир, оройн хэсгийн зүүн баруун талд хүүхэд хөхүүлж буй чоныг дүрсэлсэн байдаг ажээ.