Шунхлай уулын булш, хиргисүүрийн цогцолбор дурсгал

      Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвөөс зүүн хойд талд 1 км орчим зайд орших хадтай уулыг “Шунхлай” гэдэг. Энэ уулын баруун доод хормойгоор Хүрэл, төмөр зэвсгийн үед холбогдох 150 гаруй дөрвөлжин булш, хиргисүүрүүд байдаг.     shunhlai.jpg

    Оросын шинжлэх ухааны академи, Монголын шинжлэх ухааны хүрээлэнгээс зохион байгуулсан С.В.Киселев, Х.Пэрлээ нарын удирдсан “Монголын түүх, угсаатны зүй”-н шинжилгээний анги 1949 онд цөөн хэдэн дөрвөлжин булшийг малтаж сумны ясан зэв, шавар ваар, хүрэл чимэглэлийн зүйлс зэргийг илрүүлэн олж Хүрэл зэвсгийн үед холбогдуулан тогтоожээ. Мөн ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн “Хархорум” шинжилгээний анги 1978 онд зарим дөрвөлжин булшийг малтаж хүн, амьтны яс, шавар ваарны хагархай зэргийг олсон байна. Булшны олдвороос ажихад нас барсан хүнийг умар зүгт толгойгоор нь хандуулан дээш харуулж 2 хөлийг нь жийлгэн, 2 гарыг их биеийг нь дагуулан тухайн хүний эдэлж хэрэглэж байсан зэр, зэвсэг, сав суулга, хүнсний зориулалттай зүйлийг дагалдуулан оршуулдаг байсан ёс заншилтай байжээ. 

shunkhlai.png

Дурсгалт газрыг Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар аймгийн хамгаалалтад авсан.